Шударга мэдээ
Явган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болгов
Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Тодруулбал, энэ онд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж буй.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр “Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сарын сүүлээс эхлэн явган хүний замын ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Цахилгаан, гадна холбооны ажилтайгаа нийлээд өдөрт 16-21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Энэ онд шинэчилж буй байгалийн чулуун хавтан бол өмнөх замын хавтангаас эрс ялгаатай. Үйлдвэрт хийсэн өмнөх хавтангууд нь насжилт буюу нягт багатай. Хүний болон автомашины хөдөлгөөн, бороо, цасанд амархан бутарч элэгддэг. Ойрхон засвар, шинэчлэл хийх шаардлагатай болдог. Түүнчлэн явган хүний замыг халтирдаг гантиг чулуугаар хийснээр явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл болдог. Дэлхийн олон орны туршлагаас харахад явган хүний замаа байгалийн чулуу буюу боржин чулуугаар хийсэн байдаг. Учир нь байгалийн чулуу нь өөрөө өндөр нягттай, эвдэрч бутардаггүй, хамгийн багадаа 30 жил, цаашлаад 100 хүртэлх жилийн насжилттай. Бороо, цас, усанд тэсвэртэй буюу өөрөө хатдаг. Хотын гол, гудамж замуудыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг явган замын асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж тайлбарлав.

Байгалийн чулуу нь барзгар гадаргуутай учраас халтирч гулсдаггүй нь маш том онцлог юм. Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэ явган замын ажилтай танилцаж, явган замын норм стандарт, ажлын зургийг илүү нарийвчилж, явган замын холбоос хэсгүүд болон суурийн үеийг чанаржуулах хэрэгтэй төдийгүй тэдгээрийг зураг төсөлд нарийвчлан тусгах заавар чиглэл өглөө. Ер нь хотын гол, гудамж замуудын явган хүний зам хэсэгчилж ихээр эвдэрсэн байдаг. Тийм хэмжээний эвдрэлийг хэсэгчилж засах боломжгүй. Бүрэн хуулж авч шинэчлэх шаардлагатайг инженерүүд тайлбарлав.

Байгалийн чулуун хавтангаар явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн зүгээс явган замын ажил гүйцэтгэхэд хийцлэлийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Зургийн ажилд нарийвчилсан тайлбар, заавар оруулах зүйлс бий. Оройн 22:00 цагаас хойш хотын төв рүү том машин оруулахыг зөвшөөрдөг учраас шөнийн цагаар ажилчдаа ажиллуулж, шөнийн цагаар л хогоо ачуулж байгааг олон нийт ойлгож хүлээж аваасай гэсэн юм.
Шударга мэдээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Цаг үе2021/03/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/04/16
Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо
-
Шударга мэдээ2022/05/17
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бусдад давуу байдал бий болгож Авлиг...
-
Улстөр нийгэм2020/12/31
Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл а...
