Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.
2025 оны зургаадугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2025 оны зуогаадугаар сарын 10-наас 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Цаг үе
Туул голд живж эхэлсэн эмэгтэй, хүүхдийг эсэн мэнд аварчээ
Налайх дүүргийн “Аав мод” амралтын газрын орчимд Туул голд хийлдэг гудастай хөвж яваад живж эхэлсэн 23 настай эмэгтэй, найман настай охиныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аварчээ.
Тодруулбал, завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын алба хаагчид 17:45 цагийн орчимд тухайн иргэдийг аварч, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гол, нуурын усанд зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом ашиглахгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг сэрэмжлүүлэв.
Цаг үе
Төв аймаг 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгээд байна
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.
Тэд Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна. Мөн холбогдох яамдтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай байна. Хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран шийдвэрлэхээр болов.
Мөн Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг судлах чиглэл өгчээ.
Үүнээс гадна шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх, аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаныханд үүрэг болголоо.
Цаг үе
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус төсөл Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн барилга, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээллээ. Нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс бүх тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгын ажлыг эхлүүлнэ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаа бөгөөд үүнээс 2.8 км авто замыг ашиглалтад оруулсан. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Дамбадаржаа дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан нийлүүлэх юм. Нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэхийн зэрэгцээ өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулаан, цахилгааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.


