Улстөр нийгэм
УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр /2020.09.21/ хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.
Энэ үеэр 9 настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэргийн талаар холбогдох байгууллагын албаны хүмүүсээс хуулийн хүрээнд мэдээллийг авлаа. Намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Гишүүд Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр цаашид бодит эерэг үр дүн гарахгүй гэлээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа ирүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг сануулсан юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой. Гуравдугаарт, цахим сүлжээ зэргийг хэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байна. Үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон гэдгийг мэдээлэлдээ онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогчийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд байна. Цаашид Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай төсвийг 2021 оны төсөвт суулгахын төлөө эмэгтэй гишүүд ажиллах болно хэмээлээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Шударга мэдээ2024/02/05
318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ
-
Шударга мэдээ2025/11/25
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг ...
-
Цаг үе2024/06/04
Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна
-
Урлаг спорт2022/11/07
Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
