Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөввдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс
2025 оны тавдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд баруун аймгуудын нутгаар өдөртөө дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Цаг үе
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.