Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Огноо:

,

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн юм. Шинэ ТЭЗҮ-д уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 10 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барьж багтахгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймээс газар чөлөөлж, нийт 15 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тиймээс 5 га талбайн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг уриалж байна” гэв.

Газрыг чөлөөлөхдөө нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөх, эсхүл дүйцүүлж газар олгоно гэдгийг мөн онцолсон юм.

Төслийн ач холбогдол:

  • ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
  • Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
  • Ойролцоогоор 51 мянган айлыг төвийн дулаан хангамжаар хангана. Өөрөөр хэлбэл иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
  • Агаарын бохирдлыг бууруулна.
  • Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
  • Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
  • Дулаан болон уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Уур үйлдвэрлэснээр тухайн орчимд байрлах хүнс болон боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэнэ.

Мөн Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөнд Амгалан ДЦС-ийг дахин өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ТЭЦ 4-ийн хотын зүүн бүс рүү түгээх ачаалал буурах ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Огноо:

,

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.

Есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:

Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:

Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:

Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна.


2026 оны аравдугаар сарын 01-нээс

2026 оны аравдугаар сарын 05-ныг хүртэл

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Завхан, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Увс, Хөвсгөлийн зарим сумд, Завхан, Булганы хойд сумдын нутгаар, 01-02-нд шилжих шөнө Архангайн ихэнх сумд, Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдаар, 02-ны өдөр Архангай, Дорноговийн ихэнх сумд, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 03-нд Төв, Дундговийн зарим сумд, Дорноговь, Сүхбаатарын ихэнх сум нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 01-нд Алтайн салбар уулс болон тал газрын нутгаар, 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. 03-д нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Огноо:

,

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт хаагдлаа.

Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх ерөнхий мэдээлэл, тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг танилцуулсан юм.

Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч,  санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар зарласан ба дээрх хугацаанд гурван аж ахуй нэгж оролцох сонирхлоо илэрхийлсэн.Үүнд:

  • 
“Юу Би Метан” ХХК 

  • “Tianjin Zhongchang Construction Engineering” Co., Ltd 

  • “Shandong Futai Construction Engineering” Co., Ltd

Дээрх аж ахуйн нэгжүүдээс өнөөдөр “Tianjin Zhongchang Construction Engineering” Co., Ltd төслийн саналаа ирүүлэв. 

Төслийн саналын иж бүрдэл, хүчинтэй байдал, үндсэн шаардлага, техникийн болон санхүүгийн саналын агуулгыг ажлын хэсэг дараагийн шатанд батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлт болон үнэлгээний дагуу хянан үзэн үнэлж, хэлэлцээрийн холбогдох баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд төслийн санал ирүүлсэн оролцогчтой түншлэлийн гэрээ болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээрийг эхлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох