Шударга мэдээ
Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
Шударга мэдээ
Явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучиж байна
Явган хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс НЗХГ-аас явган замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр ”НЗХГ-аас Зайсангийн гудамжны авто зам болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчлээд байна. Тус явган хүний зам өмнө нь 1-1.5 метр өргөнтэй байсныг 4-6 метр болгож өргөсгөж, асфальтбетоноор хучиж шинэчилсэн. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км явган хүний замыг асфальт бетоноор шинэчилсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг, эхчүүд, дугуй, мопедтой иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Мөн Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд явган хүний зам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэлээ.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нь нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэд явахад илүү хүртээмжтэй болсон байна. Үүнээс гадна явган хүний зам, авто замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны стандарт зэргийг хангаж ажиллахад Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос уялдаатай ажиллаж байна. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн холбооны төлөөлөлтэй хамтран шинэчлэгдсэн замуудад өөрсдийн биеэр явж үзэж байна” гэв.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар “Явган замын үнэлгээний талаар 2010 оноос хойш оролцож, санал дүгнэлтээ МХҮХ-оор дамжуулан хүргүүлж байна. Үүний үр дүнд жилээс жилд явган замын чанар сайжирч байна. Мөн явган хүний зам дээр машин тавьж, замын чанар алдагдуулах нь хараагүй иргэдийн хүртээмжтэй байдалд хамгийн ихээр нөлөөлдөг. Скүүтер, мопедыг замбараагүй байрлуулах нь мөн хараагүй иргэд зорчиход саад учруулдаг. Тиймд, иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” гэлээ.
Шударга мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан.
Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.
Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.
Шударга мэдээ
BRT төслийн хүрээнд автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг хонгилын системд шилжүүлнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Тусгай замын автобус (BRT) төслийн чиглэл нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас Глобал сургуулийн баруун тал хүртэл нийт 12.9 км үргэлжлэх бөгөөд 19 зогсоолтой байна.
Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Уг төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг газар доогуур хонгилын системд шилжүүлнэ. Ингэснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм.
Тусгай замын автобус нь замын хөдөлгөөний оргил цагт 6000, өдөрт 25’000-35’000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд дундаж хурд 20-25 км/ц байна. Энэ нь замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой аж. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах тооцоолол гарсан.
Ташрамд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, есдүгээр сарын 3-нд Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжээд буй.
-
Цаг үе2023/12/26
Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2022/11/04
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
-
Улстөр нийгэм2022/08/08
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж...
-
Цаг үе2022/03/17
Хамгийн нандин, торгон мэдрэмжээр дууг урлаж дуулдагаараа үеийнхэн дундаасаа ялг...