Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй юм.
Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг.
Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталсан юм. Уг ажлыг дан ганц хот гэлтгүй бүх яамд хамтарч хийнэ. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд мэдэгдэхүйц бууруулах ажлын эхлэлийг тавьж чадна.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
