Цаг үе
Зудын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглал, үнэлгээг гаргаж байна.
Уг үнэлгээг өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан гаргадаг.
Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.
Хээрийн цасны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Зудын эрсдэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Цаг үе
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.