Цаг үе
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм.
Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болоод буй. Мөн өнгөрсөн онд улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний мэдээлэл өглөө.

НЗДТГ-аас БЗД-ийн 40 дүгээр хороо, Да хүрээгийн гудамж, БХИС-ийн зүүн хойно байршилтай 9126 ам метр газрыг “Баганат өргөө” ХХК-тай зөвшилцөн, эзэмшүүлсэн. Тус хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм. Мөн БГД-ийн 25, 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2248 ам метр газар, сургууль барих 4365 ам метр газрыг шийдвэрлэж, 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн. Уг цэцэрлэгийг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж байна.
Зарим сургууль, цэцэрлэг барих байршил болон ажлын явцыг товч дурдвал:
- ХУД-ийн 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Маршал таун хотхоны баруун урд талд 5000 ам метр газарт 200 ортой цэцэрлэг барих ажил үргэлжилж байна.
- ХУД-ийн 3 дугаар хороо, 4200 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгч компани шалгараад байна.
- ХУД-ийн 18 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, Удирдлагын академийн зүүн талд 7077 ам метр газарт 640 хүүхдийн суудалтай сургууль барина.
- БЗД-ийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн урд 1281 ам метр газарт цэцэрлэг барина.
- БГД-ийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны хойд талд 8000 ам метр газарт сургууль барина.
- СБД-ийн 9,11 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд 811, 812 дугаар байрны хойд талд 15.000 ам метр газарт сургууль, цэцэрлэг барина.
- СБД-ийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд 1499 ам метр газарт цэцэрлэг барина.
- БЗД-ийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, "Сүмбэр орд" хотхоны зүүн талд 3300 ам метр газарт сургууль барина.
- БЗД-ийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, “Sunshine” вилла хотхоны баруун талд 4000 ам метр газарт сургууль барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


