Шударга мэдээ
Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 13 байршлын уулзварыг өргөтгөнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ЕБ-ын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн нөхцөл байдлын, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг гаргаж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар ажиллаж байна.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө.Үүнд 32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Хөгжим бүжгийн коллежийн уулзвар, МИС-ийн уулзвар зэрэг багтсан. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.
БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.

Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ. Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.
Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.

Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв.

Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.

Шударга мэдээ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа 2026 оны зуогаадугаар сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 3-нд монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн төслийг гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн хэрэг огтоос биш юм. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай, илүү бодит өгөөж үлдэцтэй байх үндсэн зарчим, үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Баялгийнхаа үнэ цэн, иргэндээ хүртээх үр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт хариуцлагатай, ил тод сайн засаглал тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг онцоллоо.

Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг, энэ цаг мөчид “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэлээ базаах эхлэл. Хариуцлагатай уул уурхайг дэмжих, олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн суурь болно гэлээ.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр өгөөж гарна. Үүнд:
Ордын хүчин чадал: Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Төсвийн орлого: Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэнэ.

Дотоодын хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэнэ.
Ажлын байр: Говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, Бортээгийн ордын үнэ цэнийг өсгөж, иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 хувьцаа эзэмшүүлж байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын шууд үргэлжлэл юм. Ингэснээр тус орд нь үндэсний чадавх, эдийн засгийн өгөөж, хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл болж байна.







Шударга мэдээ
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ.

НБОГ-ын газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.Сүхцоож “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар захирамж, холбогдох гурван яамны удирдамжийн дагуу дөрвөн байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байна” гэлээ.

НБОГ-ын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байна.
Өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус талбайд аж ахуйн нэгж шаврын ордын нөөцтэй, тоосго үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ашигт малтмал олборлож, элс хайрга угаах үйл ажиллагаа явуулж байв. Уг зөрчлийг бүртгэж, цааш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хүрээнд улсын байцаагчийн шаардлага тавьж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Экологийн цагдаагийн албаны байцаагч Б.Хосбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад камерын хяналт байгаа эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Налайх дүүргийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг “Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А172 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтран дүүргийн 3, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын лицензтэй талбай болон нийтийн эзэмшлийн талбайд ил цооног, нүх сүвийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Үзлэг шалгалтаар нийт 62 ил цооног, цөмрөлт илрүүлж, нүүрсний тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжид хамаарах талбайгаа аюулгүй болгох хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна” гэсэн юм.




-
Шударга мэдээ2025/12/10
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
-
Үзэл бодол2022/08/25
С.Энхболд: Эрт илрүүлгээр хүүхдүүдийн дунд шүд, томчуудад хоол боловсруулах тогт...
-
Цаг үе2021/07/02
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Цаг үе2021/11/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
