Цаг үе
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна.

Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ШТС, хийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа авто тээврийн хэрэгслийг шалгалаа. Илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, Улсын онцгой комисс, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Нийтлэг илэрсэн зөрчлийн хувьд ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гэвч норм, дүрмийг биелүүлэхгүй, зөрчил давтагдсаар байгаа нь эрсдэлд хүргэж болзошгүй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт байрлах энэхүү ШТС-ын хажууд барилгын ажил үргэлжлээд явж байгаа нь эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хангахгүй байна. Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.

Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг албаны хүмүүс анхаарууллаа.
Ц.Хадбаатар: Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэх зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд НХШГ-аас урьдчилан сэргийлэх шалгалтыг гүйцэтгэлээ. Тус шалгалтад 6 аж ахуйн нэгжийн 70 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Нийтлэг илэрсэн зөрчлийн талаар НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд уг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлагын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, түүнийг үндэслэн Замын цагдаагийн газраас тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг тохирч, зөвшөөрөл авах ёстой. Бидний хийсэн шалгалтаар аж ахуйн нэгжүүд энэ зөвшөөрлийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Тиймээс Замын цагдаагийн газраас өгдөг тухайн зөвшөөрлийг аваагүй шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байлгах тухай мэдэгдлийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүллээ. Хяналт шалгалтын газраас уг мэдэгдлийн хүрээнд тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2023/12/22
"Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэ...
-
Улстөр нийгэм2022/12/05
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/05/18
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Улстөр нийгэм2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
