Улстөр нийгэм
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууссан. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжлүүлэн гурван шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд эхний ээлжид өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан. Мөн 11 тусгай зориулалтын машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийхээр эрчимтэй ажиллаж байна. Инженерийн хийцлэлтэй барилгуудыг барих ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ” гэв.

Ташрамд, Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж их хэмжээний хохирол учруулж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд ч Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан ч тохиолдол байдаг. Тиймээс ГУББГ-аас тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсэгт шаталсан байдлаар гурван ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг боловсруулсан юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үзэл бодол2020/04/07
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ
-
Улстөр нийгэм2025/06/19
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20...
-
Цаг үе2025/06/04
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/11/01
Улаанбаатар - Сөүлийн чиглэлд зорчигч тээвэрлэхгүй!
