Улстөр нийгэм
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг болон холбогдох бусад албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулан, ажилласан гэлээ.
Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 06, 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолсон гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20-д төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, санал хураалт явуулахгүй бөгөөд ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна гэсний дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээс зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Сайнзориг нараас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн Төсвийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд уг саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт 7 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд эдгээрийг Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан бусад саналын хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 3 санал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд уг саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Б.Энхбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Ц.Мөнхбат, Б.Уянга, Д.Энхтүвшин, Б.Заяабал, А.Ганбаатар гишүүн асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах” гэснийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөхөөр болсон. Гэхдээ тогтворжуулах татварын орчин гэдгээ татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн байна. Энэ заалт нь Монгол Улсын өмнө нь байгуулсан болон ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлнө гэлээ. Тэрбээр, хуулийн төслүүдийн дээрх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улс татварын маргаантай байгаа энэ цаг үед хэрхэн нөлөөлөхийг лавлав.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, “Б.Энхбаяр гишүүн ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар зарчмын зөрүүтэй тодорхой санал гаргаагүй. Хэрэв тодорхой санал байгаа бол хураалгахад бэлэн” гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хуулийн төслүүд дэх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улстай холбоотой татварын маргаантай асуудалд “Оюутолгой” компанид давуу байдал үүсгэхгүй. Монголын талын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байгаа юм. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм. Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллахыг хүсэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ашигт малтмалаа ашиглуулж байгаа сум орон нутаг болон иргэдэд ашиг хүртээх, үр өгөөжийн асуудалд төсөл хэрэгжүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх зэрэг тулгамдсан асуудалд салбарын яам бодлого гарган ажиллаж байгаа хэмээв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Монгол Улс атомын цахилгаан станц барих асуудлыг орхигдуулан, шар нунтгийг үйлдвэрлэхийг дэмжиж буй шалтгааныг тодруулаад Засгийн газар цахилгаан станц барих асуудлыг хуульд тусгах боломжийн талаар хөндлөө.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх асуудлыг цаашдаа стратегийн бусад орд газрын ашиглалтад баримтлах эсэхийг лавласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлье гэвэл цаашдаа төр эзэмшлийнхээ хувийг тогтоож, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэрээ хийх нь чухал хэмээв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал гэдэгтэй Улсын Их Хурлын гишүүн Б.Шижиртэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт гээд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь монголчууд хохирч байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг нэг гэрээ бус цаашдаа Монгол Улс цөмийн энерги, ураны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг хангах гишүүд маань төвлөрч, анхааралтай ажил хэрэгч оролцож, ажиллах шаардлагатай гэж байлаа.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Нэгдсэн хуралдаанд асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сунгаж болно.” гэснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөс асуулт, хариултыг 120 минутаар тогтоосон ч, дахин нэг цагаар сунгасныг мэдэгдэв.
Ийнхүү хуулийн төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг цаг сунган үргэлжлүүлсний дараа үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Улстөр нийгэм
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ.
Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.
Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.
Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав.

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров.

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.
Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.
Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.
“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.
Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.
“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.
ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.
Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.
Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
-
Шударга мэдээ2019/09/12
Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо
-
Улстөр нийгэм2020/07/10
Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна
-
Шударга мэдээ2024/04/04
Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ
-
Шударга мэдээ2020/10/14
“Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоолы газрын үйл ажиллагааг зогсоол...
