Урлаг спорт
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй

Мексик улсад болж байгаа “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцож байна.
Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Тодруулбал, урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны ням гарагт 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.
Шууд дамжуулалтын хамтрагчаар Зөв Монгол брэнд болон Гоулдс Жим ажиллаж байна.
Сануулахад, дэлхий даяар 1.5 тэрбум хүн шимтэн үздэг хамгийн нэр нөлөө бүхий Миссийн тэмцээн гэгддэг “Miss Universe" нь оролцогчдыг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээр бус, дотоод итгэл үнэмшил, хүчирхэг зан чанараараа бусдыг урамшуулж, манлайлал үзүүлэхийг зорьсон бүсгүйчүүдийг тодруулдаг.
Тиймдээ ч “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог юм. Энэхүү тэмцээн нь гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулахаас гадна соёлын олон талт байдал, нийгмийн асуудлыг онцолдог.
Ташрамд дурдахад, “Miss Universe 2023" тэмцээнийг телевиз, дижитал, сошиал медиа платформ зэргээр нийт 122 сая хүн үзсэн мэдээ байна.
Урлаг спорт
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.
Урлаг спорт
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2025/02/14
Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос байна
-
Цаг үе2020/05/28
Фото: Оюутнуудыг татан авах ажиллагаа “Алтанбулаг” хилийн боомт
-
Цаг үе2021/11/24
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/09/16
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав