Шударга мэдээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ
Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Үүний улмаас 640 өрх хохирсон байдаг. Дээрх хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл өчигдөр 26 өрхийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авч уулзсан байна.
Энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаарх шийдвэрийг танилцуулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газрыг чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүй. Үүний улмаас 26 айл хохирсон байна.
Энэ үеэр Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 26 айл өрх сүүлийн 4-9 жилийн хугацаанд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гарган ажиллахыг НОСК-д даалгасан. Энэ хүрээнд өнөөдөр газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдвэрлэснийг ийнхүү танилцуулж, санал солилцлоо” гэлээ.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 26 өрх 2014 болон 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Тус байршилд хоёр төсөл хэрэгжих байсан ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 4-9 жилийн турш хохирсон байна. Бид удаа дараа тухайн иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэхээр ажил хэрэг болгож, өнөөдөр ийнхүү “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаар санал солилцлоо” гэсэн юм.
Шударга мэдээ
"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна.
Энэ үйл ажиллагааг 2026 оны 05.04-05.08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзлэг нь ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.
Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.
- Ерөнхий эмчийн үзлэг
- Хэвлийн хэт авиан оношилгоо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Нүдний үзлэг
- Мэс засал, Арьс харшлын үзлэг
- Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
- Биеийн жингийн индекс тодорхойлох
- Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ
Шударга мэдээ
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Нийслэлийн 100 байршилд UBCARD автобусны картыг худалдан авах болон цэнэглэх боломжтой. Мөн та гар утсандаа UBCARD аппликейшнийг ашиглан картаа хүссэн үедээ, хаанаас ч хялбархан цэнэглэх боломжтой юм байна.


Шударга мэдээ
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.
Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
