Улстөр нийгэм
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар улсын барилга байгууламжийн паспоржуулалтын явц, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү ажлын хүрээнд 2000 оноос хойш баригдсан нийт 1413 барилгаас 619 орон сууцыг паспортжуулаад байна. 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэгдэж барилгын салбарт мөрдөж буй дүрэм, журмууд өөрчлөгдөж Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг шинээр баталсан. Журамд барилга, байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, паспортжуулах зардал, санхүүжилтийг өмчлөгч өөрөө хариуцахаар тусгасан боловч өөрийн хөрөнгөөр паспортжуулах хүсэлт ирүүлсэн, иргэн аж ахуйн нэгж байхгүй байна гэлээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017-2019 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар танилцуулсан юм. Төслийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам боловсруулж, 11 байгууллагатай санамж бичгийг байгуулсан байна. Мөн Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж олны хүртээл болгосон. Төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа юм.
Өнгөрсөн онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 45,757 газар хөдлөлт болсон байна. Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүнд мэдрэгдэм хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгджээ.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин, зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Үүнд:
-Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэл дэх харьяа байгууллагуудад зохих заавар, зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллах,
-Монгол Улсын засгийн газрын 2018 оны н/206 дугаар тогтоолд тусгагдсан барилга байгууламжийн буулгаж шинээр барих ажлын явцыг салбар бүрээр гаргуулах, төлөвлөгдсөн хугацаанд хэрэгжүүлэх талаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн 2021 оны улсын төсөвт тусгах арга хэмжээг авах,
-“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 сарын хугацаантай зарлаж, эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцуулахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2026/05/04
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна
-
Үзэл бодол2024/08/13
Н.Мандуул: Улаанбаатар хотын ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хө...
-
Цаг үе2021/02/03
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Урлаг спорт2019/10/28
Дэлхийн цэргийн наадамд манай улсын 82 тамирчин өрсөлдөж байна
