Улстөр нийгэм
Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлэл хийв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийсэн мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны ээлжит сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан. Хуультай холбогдуулан хоёр ажлын хэсэг ажиллаж, дэд ажлын хэсгийн гишүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Улсын Дээд шүүх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдаж, өмнөх сонгуулийн тухай хуулиудтай харьцуулахад харьцангуй чамбай хууль болсон гэдгийг тодотгож байв. 12 бүлэг, 83 зүйлтэй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай уг хууль өмнө нь тулгарч байсан хүндрэл, зөрчлийг арилгах, зардал бууруулах зохицуулалтыг хийснээрээ онцлого хууль батлагдсан болохыг онцолж байв. Тухайлбал, нэр дэвшигч үнэмлэхээ аваад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхийн тулд дөрөв хоног хүлээдэг байсныг болиулж, сонгуулийн сурталчилгааг үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэх зохицуулалт орсон. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог 6 байгууллага арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуульчилсан болно гэлээ.

Мэдээллийн дараа иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс зогсоохтой холбогдуулан улсын бүртгэлийн системд өөрчлөлт орох эсэх талаар сэтгүүлчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулсан юм. Тэрбээр, улсын бүртгэлийн байгууллага 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн, уг системд өөрчлөлт орохгүй гэв. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан гэв.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд туссан онцлог зохицуулалтуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дээрх төрийн байгууллагуудын төлөөлөл тус тусын хариуцах ажлын чиглэлээр тодорхой хариулт өглөө гэж УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээлэв.

Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2023/08/10
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв
-
Улстөр нийгэм2024/10/16
2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэрлэжээ
-
Шударга мэдээ2025/05/13
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
-
Улстөр нийгэм2025/01/16
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
