Шударга мэдээ
Нийслэлийн хэмжээнд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралын буруу зуршилтай холбоотой халдварт, хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа болохыг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Өвчин туссаных нь дараах үр дагавартай нь тэмцэх бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч бодлогоо тодорхойлж ажиллах шаардлага бий. Бидний зүгээс иргэдийн архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулж зөв дадалд хэвшүүлэх, эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлж, зохион байгуулж ажиллаж байна" хэмээлээ.

Шударга мэдээ
Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана
Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.
Шударга мэдээ
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна.
Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгууруудаар харьцуулсан үнэлгээ хийсэн байна. Үүний үр дүнд хамгийн тохиромжтойд тооцогдсон гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг тухайн цэгт төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард холбогдох байгууллагуудын уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг түргэвчлэх, дараагийн үе шатны судалгаануудыг уялдаа холбоотой, цогц байдлаар боловсруулах шаардлагатайг онцлон, үүрэг чиглэл өгсөн юм.
“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар тус байгууламж 5,569 га ус хурах талбайтай, 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар тооцоологдсон. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн үндсэн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг урт хугацаанд хангах боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.
Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулна. Мөн үерийн урсцыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж, Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.
Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.
-
Цаг үе2022/04/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/06/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/
-
Улстөр нийгэм2022/10/14
УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
-
Шударга мэдээ2024/09/03
Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа
