Шударга мэдээ
Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ажиллаж, 1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбат, 3 дугаар хорооны малчин Д.Цэвээн гуайнхаар орж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Налайх дүүргийн малчдын хувьд өвөлжилт харьцангуй өнтэй байсан ч сар шинээс хойш цасаар шуурч, хүйтний эрч чангарсан тухай хэлж байв. Шуурганы улмаас Майхан ууланд нутаглаж буй 1-р хорооны малчин Ш.Цагаанбатын сургуулийн насны 4 хүүхэд цасанд боогдож, 5 км-ийн зайд байрлах Налайх дүүргийн төв рүү, хичээлдээ явж чадаагүй гэнэ. Тэднийх өнгөрсөн намар 500 боодол өвс, 1 тонн гаруй улаан буудай бэлтгэсэн ч дахиад авах шаардлага тулгарч буй аж. Ш.Цагаанбатынх одоогоор 20 гаруй мал тэжээж байгаа бөгөөд улаан буудайг буцалгаж, хивэгтэй хольж өгсөнөөр тэвээрэг сайн авдаг хэмээн туршлагаасаа хуваалцав. Мөн тус хорооны малчин Ш.Пүрэв гуай эхнэртэйгээ 2-уулаа, ганц гэрээрээ өвөлжиж байгаа бөгөөд их цасанд өвс тэжээлээ ч дөхүүлж чадалгүй цасанд боогджээ. Хүн бүл муутайн дээр хахир өвлийн хүйтэнд хунгарлаж шуурсан цасаа цэвэрлэж, зам гаргахаар өдөр шөнийг ялгалгүй зүтгэж байна.
Харин 3-р хорооны малчин Д.Цэвээн гуай тэтгэвэрийн зээл авч 1000 боодол өвс бэлтгэжээ. 50 гаруй үхэрнээсээ өнгөрсөн намар хэрэгцээлж, одоогоор 30 үхэр хаваржуулж буй аж. Хаврын урт өдрүүдийг туулахад дахиад ч авс тэжээл нэмж авах шаардлагатай тул тэтгэврийн хэдээ л харж суугаа аж.
Малчид бэлчээрийн гарц муудаж, шимт тэжээл нь сэргэхгүй байгаа нь малын чанарт ч нөлөөлж байгаа тухай ярьж байв.
Налайх дүүргийн хувьд энэ жил 830 өрхийн нийт 43 мянган мал өвөлжиж байна.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийт 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгоод байгаа бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба
Шударга мэдээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Улстөр нийгэм2026/04/06
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2026/01/21
Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбө...
-
Улстөр нийгэм2023/08/30
Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаата...
-
Цаг үе2020/12/17
Өнөөдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...
