Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Жаргал: Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна

Огноо:

,

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргалтай ярилцлаа.

-БХБ-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуй” аяныг 3 сарын хугацаатай улс орон даяар өрнүүлж, дууссан. Аяны тухай  мэдээллээр ярилцлагаа эхэлье. Аяны хүрээнд ямар ажлуудыг хийв. Хамрах цар хүрээ, зохион байгуулсан ажлынхаа талаар танилцуулбал?

-Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 3 сарын аяныг 4 бүлгийн хүрээнд 22 ажил зохион байгуулахаар төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж, улсын хэмжээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Сайдын албан даалгавар болон зөвлөмж, мэдээллийг  бэлтгэн олон нийтэд түгээх, үзүүлэх дадлага сургуулилт, танхимын болон онлайн сургалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

-Статистикаар сүүлийн жилүүдэд барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүйгээс үүдэн гарсан осол аваарын тоон үзүүлэлтийн тухайд?

-Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 38 хөнгөн, 87 хүнд, 44 хүн нас барсан, 2022 онд нийт 50 осол бүртгэгдсэнээс 7 хөнгөн, 28 хүнд, 15 хүн нас барсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 11 осол, хурц хордлого бүртгэгдсэнээс  5 хөнгөн, 5 хүнд, 1 хүн нас барсан мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулан 1097  тооны барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлсэн.  290 аж ахуйн нэгжийн 2827 инженер, техникийн ажилтнуудыг 646.252.200 төгрөгөөр амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан. Аяны хугацаанд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин үйлдвэрлэлийн осол гэмтэл өмнөх оны үзүүлэлтээс үйлдвэрлэлийн хөнгөн гэмтэл 28.6 хувиар, хүнд гэмтэл 82.1 хувиар, нас баралт 93.3 хувиар буурсан байна. Өндөр барилгуудад суурилуулсан краны техникийн болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан нь аяны хүрээнд урьдчилан сэргийлэх томоохон шалгалт болсон бөгөөд өргөх байгууламжид 2022 онд 20 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 14 хөнгөн, хүнд гэмтсэн, 6 хүн нас барсан, 2023 онд 4 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 2 хөнгөн, хүнд гэмтсэн, 2 хүн нас барсан. Өмнөх оны үзүүлэлтээс техникийн хөнгөн, хүнд гэмтсэн 85.7 хувиар, нас баралт 66.6 хувиар буурч, аяны хүрээнд краны техникийн осол, гэмтэл бүртгэгдээгүй байгаа нь аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тодорхой чиглэсэн ажлуудыг тогтмолжуулж хийж хэвшүүлснээр осол гэмтлийн эрсдлэлийг буурлуулах боломжтой нь харагдаж байна.

-Барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад цаашид юунд анхаарах шаардлагатай байна вэ. Ямар зөвлөж хүргүүлж байв?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах гэсэн заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт болон захиалагч, зохиогчийн хяналт, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид өгч магадлан баталгаажуулалт хийх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, барилгын норм нормативын баримт бичгийг барилгын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хэрэгтэй байна.

-Салбарын яамнаас энэ талаар цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Барилга байгууламжийн зураг төслийг зөв оновчтой төлөвлөх, шаардлага хангасан барилгын материал бүтээгдэхүүн хэрэглэх, угсралтын ажлыг чанартай гүйцэтгэх, ажиллагсадын болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авч, хуулийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шаардлага хангасан барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, барилгын ашиглалтын үед анхны төлөвлөлт, зориулалт, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулахгүй байх, ашиглалтын үеийн төлөв, чанар аюулгүй байдлыг хангуулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлууд тавигдаж байна. Энэхүү хүрээнд Барилгын тухай хууль болон барилгын норм нормативын баримт бичгийг үе шаттай шинэчлэн боловсруулах ажлуудыг хийж байна.

-Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй аж ахуйн нэгж, компаниудад цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн аюулгүй ажиллагааг баримталж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэж хэлсэн?

-Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй барилгын угсралтын үйл ажиллагааг явуулж буй 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гарган Барилгын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байна. Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 2 жил дарааллан эрхлээгүй 89 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар тушаалаар хүчингүй болгосон зэрэг барилгын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

-Барилгын тухай хууль, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, цомог, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2023 онд нийт 150 норм нормативын баримт бичиг боловсруулахаар тусгагдсанаас боловсруулж байгаа 102 норматив баримт бичиг, шинээр боловсруулах 48 норматив баримт бичиг байна. Тухайлбал "Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг боловсруулан Засгийн газрын 2023 оны 97 дугаар тогтоолоор,"Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг 98 дугаар тогтоолоор тус тус батлуулаад байна. Мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/ зэргийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Мөн улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бус эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн угсралтын ажил болон ашиглалтын чанар, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Барилгын салбараас баримталж буй бодлого, шийдвэр болон норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангаж ажиллах, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, захиалагч, зохиогчийн хяналтыг сайжруулан хариуцлагыг өндөржүүлэх, барилгын ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, засвар шинэчлэлтийн ажлыг норматив хугацаанд барилгын өмчлөгч, эзэмшигч байгууллагууд Барилгын тухай хуульд заасан эрх үүргийн дагуу хийж гүйцэтгэх  шаардлагатай байна.

Эх сурвалж: БХБЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог

Огноо:

,

БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа.  Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм. 

-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин  хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн.   Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.

-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?

-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай. 

-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг. 

Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг. 

Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.

Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.

-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?

-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.

-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?

-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно.  Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг. 

Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон.  Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.  

-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?

-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл  биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна

Огноо:

,

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.

Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.

Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.

АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох