Улстөр нийгэм
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав.
Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихантай хийсэн уулзалтын явцад найрсаг дотно харилцаатай Монгол, Лаос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг онцоллоо.
Хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж идэвхтэй хадгалагдаж байгааг талууд тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саяхан БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвиханы энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдав. Мөн энэ онд хоёр улсын парламент, тэдгээрийн Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус шинэчлэн байгуулсан нь цаашид хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүлснийг онцлов.
Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблей хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон Монголын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн ордонд зориулж дэвсгэр хивс бэлэглэх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
