Шударга мэдээ
“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилга дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг энэ сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг сурталчлан таниулах, олон улсын байгууллага болон гадаад улсаас гаргасан зөвлөмж, саналын мөрөөр шуурхай ажиллах үүрэгтэй юм.
Энэхүү Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчээс өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй, дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд, 2022 оны статистик мэдээгээр их, дээд сургуульд сурч буй нийт оюутан суралцагчдын 40 орчим хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байгаа, 2021 онд осолд өртсөн нийт тохиолдолын 61 хувь, зам тээврийн осолд өртсөн иргэдийн 66.8 хувь нь эрэгтэйчүүд байгаа зэрэг асуудал хөндөгдөв.
Гадаад харилцааны сайдаас эрэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэв.
Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо.
Шударга мэдээ
Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.
Шударга мэдээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой" ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
-
Цаг үе2024/11/18
Ө.Гантөр: Шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ
-
Шударга мэдээ2019/10/11
Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвд зочиллоо
-
Улстөр нийгэм2026/02/24
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел итгэмжлэх захидлаа гардуул...
-
Улстөр нийгэм2022/04/26
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
