Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.

Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.

Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ

Огноо:

,

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлд цэрэг татлагын түр товчооны байруудаар хамрагдаж болно. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчрах хэрэгтэй. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Иргэд холбогдох баримт, өргөдлөө бүрэн бүрдүүлээд албанаас чөлөөлөх хүсэлтээ өгнө. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг.

2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу талууд бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дотоодын цэрэгт алба хаасан залуус маань халагдана. Тавдугаар сарын 1-ний өдөр хилийн цэрэгт алба хаасан байлдагч нар халагдана. Энэ өдөр албаа сайн хаасан эх орны залуучууд халагдаж, мөн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус цэрэгт татагдана” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГХЯ мэдэгдэл гаргажээ

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам албан мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд дурдсанаар, "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа тул энэхүү албан мэдэгдлийг хүргэж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна.

Ийм төрлийн баталгаагүй мэдээлэл нь зөвхөн хувь хүний нэр хүндэд нөлөөлөхөөс гадна гадаад харилцааны салбарт ажиллаж буй албан хаагчдын нэр хүндийг хөндөх, цаашлаад Монгол Улсын олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Гадаад харилцааны салбар нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой стратегийн чухал салбар бөгөөд уг салбарын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр халдах нь өргөн хүрээний сөрөг үр дагаврыг дагуулах боломжтой.

Түүнчлэн, ийм төрлийн мэдээлэл нь олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд үл ойлголцол үүсгэх, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд саад учруулах, улмаар харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй юм.

Нөгөө талаас, иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхийг хангах нь чухал бөгөөд худал, ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, талцал бий болгох, иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлон тэмдэглэж байна.

Гадаад харилцааны яамны батлагдсан төсөв нь:

● 2024 онд 29.4 тэрбум төгрөг,
● 2025 онд 33.7 тэрбум төгрөг,
● 2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд уг төсвийн ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан этгээд нь тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадахгүй тохиолдолд түүнийг няцаах, учруулсан хохирлыг арилгах үүргийг хүлээнэ.

Иймд дээр дурдсан мэдээллийн үнэн зөвийг хуульд заасан журмын дагуу тогтоолгох, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг нягталж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, хариуцлагатайгаар түгээхийг уриалж байна." гэжээ.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлд байгаа эзэнгүй нохой, муурыг түр асран хамгаалах байранд шилжүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа бий.

Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж.

“Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. 

Энэ онд түр асран хамгаалах байрыг өргөжүүлэхээр ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг, нохойныхоо гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг байна. Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд бид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хориглосон. Уг хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг албаныхан онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох