Цаг үе
Олон улсын төлбөр хүлээн авах Wechat pay системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь дэлхийн 64 улсад нэвтэрсэн БНХАУ-ын цахим төлбөрийн хэрэгсэл болох олон улсын төлбөр хүлээн авах Wechat pay системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Ингэснээр Монгол Улсад аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчин ирж буй гадаадын иргэд хилийн боомтоос виз авахдаа визийн төлбөр тооцоо, гүйлгээгээ Wechat pay системээр хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Хилийн боомтоос виз авч буй гадаадын иргэн нь олгогдсон QR кодыг өөрийн Wechat pay аппликейшнаар уншуулж, төлбөрийн мөнгөн дүнгээ оруулан үйлчилгээний төлбөрөө түргэн шуурхай төлөх боломж нээгдэж байна.
Монгол Улс нь Wechat pay-ийг нэвтрүүлсэн 65 дахь орон, Монгол төгрөг нь Wechat pay системийг дэмждэг 25 дах валют болсон юм. Энэхүү үйлчилгээ нь дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй олон улсын төлбөрийн систем төдийгүй бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийх боломжтой бөгөөд цаашид Гадаадын иргэн, харьяатын газраас үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээндээ уг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар төлбөр тооцооны олон системийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлсний нэг нь энэхүү Wechat pay систем бөгөөд мөн хилийн боомтуудад Gerege киоск, Голомт банкны пос мерчантын үйлчилгээг ашиглан төлбөр тооцоогоо хийх боломжтой.
Цаг үе
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Азийн гамшгийн бэлэн байдлын төв (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал ноён Аслам Первайз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улс 2025 оны 12 дугаар сард Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр нэгдсэн. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Иймд хотын түвшний эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, хот төлөвлөлтийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ уламжлав.

“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” (Asian Disaster Preparedness Center-ADPC)-ийн гүйцэтгэх захирал Аслам Первайз цаашид Улаанбаатар хотыг гамшигт тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, аюулгүй, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, шат дараатай төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Тайландын Хаант Улсын Бангкок хотноо төвтэй 1986 онд байгуулагдсан тус төв нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өндөр туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор,
Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов.
Цаг үе
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг хуурамч линк болон сайтын холбоос явуулж, нэвтэрч орсон даруйд банкны мэдээллээ оруулснаар данснаасаа мөнгө алдаж, хохирох тохиолдол бүртгэгдэж байна.
Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 22.500.000 төгрөг алдсан болох нь тогтоогдсон.
Иймд иргэд Та бүхэн ямар ч банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг анхаарч хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
Цаг үе2019/11/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/09/10
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Д.С.Песковто...
-
Шударга мэдээ2024/12/04
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсл...
-
Цаг үе2022/05/04
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
