Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 19, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
Цаг үе
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна
Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.
ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ
Цаг үе
Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.
Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.
Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.
Цаг үе
Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.
Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.
