Улстөр нийгэм
Төв аймгийн зарим сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Сэргэлэн суманд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Алтанбулаг суманд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус ажилласан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Х.Ариун-Эрдэнэ анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар танилцуулав. Сэргэлэн сумын 758 өрхийн 2003 иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
Сэргэлэн сум төмөр замын долоон өртөөтэй, хоёр талаараа засмал замтай учраас зорчих хөдөлгөөн ихтэй. Тиймээс сумын иргэдээсээ гадна анхан шатны тусламж шаардлагатай зорчигчдод эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Сумын Эрүүл мэндийн төв болон багийн төвүүдэд нийт гурван их эмч, 11 сувилагч, есөн үйлчилгээний ажилтан ажиллаж байна. Тус төв сүүлийн есөн жилд эх, хүүхдийн эндэгдэл гаргаагүй ажиллажээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв нь нийт 4 багийн 3300 гаруй хүн амд хоёр их эмч, гурван бага эмч, таван сувилагч, эмийн санч, лабороант болон бусад туслах ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус төв гадны донор байгууллагуудын тусламжтайгаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Мобайл технологийн тусламжтайгаар олон эерэг ер дүн гарч байгаа талаар танилцуулж байсан юм.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, манай орон өргөн уудам газар нутагтай. Хүн ам сийрэг суурьшилтай учраас иргэн бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх нь бэрхшээлтэй. Гэвч бидэнд хүрсэн үр дүн бий. Ялангуяа Сэргэлэн сумын эрүүл мэндийн төв бол манай зочдын анхаарлыг татлаа. Эрүүл мэндийн төвөө өргөтгөж, анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэж байгаад талархаж байна. Бид харилцан бие биеэсээ туршлага судалж, суралцах зүйл олон байна. Тухайлбал, орон нутагтаа сувилагчаар ажиллаж буй хүнээ дахин суралцуулж, эмчийн мэргэжил эзэмшүүлэх нь алслагдсан газарт боловсон хүчний хомсдолд орохгүй байх бас нэг шийдэл гэж гадныхан туршлагаасаа хуваалцлаа гэв.
Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, 2023 оны төсөвт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг нэг иргэнд 20 мянган төгрөгөөр тооцдог байсныг 60 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 93 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүнг шаардаж байна. Тиймээс менежмэнтийг сайжруулж, эмч, сувилагч нарыг тогтвортой ажиллуулах, инновацийн шинэчлэл хийх шаардлагатай байна. УИХ-ын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль болон анхан шатны эрүүл мэндийн чиглэлийн хуулиудыг хэлэлцэн баталж, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар ажиллана гэж ярив.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс дэх төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ллуис Виналс Торрес хэлэхдээ, Монголын Улсын эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа нь сайшаалтай. Мөн гүйцэтгэлд суурилсан төлбөр тооцоо буюу нэг хүнд ногдох санхүүжилт гэх мэт сонирхолтой шинэчлэлүүдийг хэрэгжүүлж буй нь зарим орнуудад туршлага болно гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
