Улстөр нийгэм
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна.
Энэхүү уулзалт нь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, түүний дотор охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлогодоо тусган хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө, адил тэгш боломжоор хангасан тогтвортой нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоотой байснаар гарах эерэг үр нөлөөг таниулах зорилготой юм.
Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана.
Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааныхаа нэг цөм болгон хэрэгжүүлдэг Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй энэ цаг үед олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх болно.
Улстөр нийгэм
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Р.Батболд, М.Энхцэцэг, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар өнөөдөр (2025.09.01) Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын багц хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авч буй энэ цаг үед танхимын төлөөлөлтэй ярилцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдэд татвар ээлтэй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө d.parliament.mn-д байршуулсан учраас уг асуудалд МҮХАҮТ-ын төлөөллийн санал, хүсэлтийг харгалзах нь чухал хэмээн онцоллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважавын зүгээс компани, аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрийн байдлаар 253 хууль биелүүлж, түүнийг дагалдан гарсан журам бүрийг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж, өсөж өндийх боломж хумигдаж байна гэв. Тиймээс төрийн хүнд суртлыг арилгах, зохисгүй олон журмыг үгүй болгох УИХ-ын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулиудаар хувь хүнд татварын ачаалал их байгааг хөнгөлөх шаардлагатай талаар дурдав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, татварын багц хууль нь өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгоод зөвшөөрөл, журмаар аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэдэг асуудлыг цэгцлэхээр шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, 1997 оноос хойш шинэчлэгдээгүй Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар шинэчлэхээр ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Татварын багц хуулийн ажлын хэсэг нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зорилготой, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, төрийн өмчит компаниуд зах зээлд томоохон байр суурь эзэлдэгт анхаарал хандуулах шаардлагатай, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, УИХ-ын гишүүн Р.Батболд, арбитрын шүүхийн асуудал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж буй талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлсэн бөгөөд Цахилгаан хангамжийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллаж, зөвлөмж авч ажиллах нь тухайн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой төдийгүй бизнес эрхлэгчдийг төлөөлж буй МҮХАҮТ нөгөө талаас чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хангадаг байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатайг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.01) “Чингис хаан” үндэсний музейтэй танилцлаа.
Зочдыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын найрамдлын бүлгийн дарга С.Эрдэнэболд, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс угтан авав.
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид “Чингис хаан” үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг үзэж сонирхлоо.
Дараа нь “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхоод, музейн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.