Урлаг спорт
Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ* хипхопера мюзикл тайзнаа
Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ" хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна.
Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre" -д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл хослуулсан өвөрмөц найруулгатай. Дөрвөн өөр цаг үеийн нийгмийн аж байдал, соёл иргэншлийн төлөөллийг нэг тайзнаас зэрэг харах боломж юм. Тэд хоорондоо хэрхэн хоршиж, магадгүй харшилдах учир шалтгааныг тэндээс танин мэднэ.
Тус мюзикл Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг дархалсан Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хязгааргүй” бүтээлийн дор туурвигдах юм. “Хязгааргүй” моно операг анх тайзнаа толилуулахад үзэгчдийн таашаалыг хүртэж, “Гэгээн муза-2010” наадмын шилдэг зохиол, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, гранпри гээд нийт долоон цомыг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор миний бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь “Хязгааргүй” моно опера” хэмээн тодорхойлж байсан.
Харин энэ удаагийн жүжгийг “Хайр” уриан дор толилуулахаар уран бүтээлчдийн баг хуралдахад “хипхопера” мюзикл байвал ямар вэ гэсэн санааг залуу жүжигчин СТА Х.Баярмаа дэвшүүлжээ. Түүний санал дэмжигдэж жүжигчин С.Баянмөнхийн (Gangbay) хамтаар гол дүрийг бүтээх юм. Мөн голлох дүрүүдэд ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, жүжигчин Г.Эрдэнэболд нар тоглох аж. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг нарын бүтээлийг залуу найруулагч Д. Амгаланбаяр найруулан тавьж олны хүртээл болгох гэж байна. Зохион байгуулагч “Ганаа арт студи”-ээс мэдээлж байна.
Жүжгийн тасалбарыг энд дарж авна уу.
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Цаг үе2021/06/11
Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
-
Цаг үе2019/06/13
Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ
-
Шударга мэдээ2019/06/26
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт б...
-
Цаг үе2022/04/28
Мод тариад орхих биш ургуулж арчлах нь хамгийн чухал

