Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал

Огноо:

,

Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд чиглүүлэх зорилготой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.

УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахлын сөрөг үр дагавар манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар өнөөдөр Монгол Улс хилээ нээж, эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой. Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.

Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эмгэнэл

Огноо:

,

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох