Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд даргатай цахим уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.
Шударга мэдээ
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Шударга мэдээ
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Шударга мэдээ
Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.
Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
Сэтгэгдэл