Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 8-ны Пүрэв гарагийн үдээс хойш хуралдав.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, УИХ-ын  Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав.

УИХ-аас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдээр УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ.    

Ингээд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав.

УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах туха Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.

Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж томьёолжээ.

Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 192 дахь хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв.

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсныг дэмжив.     

Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа.

Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа маргааш хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ.

Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон УИХ-ын 68  дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр (2020.04.02)  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 
 

ДЭМБ-аас корона вирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүйг мэдээлж байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ. 

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. 

Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгагджээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. Түүнчлэн сүүлийн үед шинжлэх ухаан хурдацтай хөгжиж малын эд, эсээс өсгөвөрлөн, тухайн малыг гаргаж авах боломжтой болж байгаа нь зөвхөн үржлийн төдийгүй үржлийнхээс бусад мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрийн хяналттайгаар гадаадад гаргах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүнийг лиценз олгох замаар хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргах нь хэтдээ монгол малын удмын сан алдагдахад хүргэж, эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд  Малын генетик нөөцийн тухай хуульд тайлбарлан хэрэглэсэн “мал”, "үржүүлгийн бүтээгдэхүүн” гэсэн нэр томъёотой нийцүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 26.3.1 дэх заалтын “гүн хөлдөөсөн үр, хөврөл үр” гэсэн нэр томъёог өөрчлөхөөр тусгасан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар хуулиуд хоорондын зөрчил арилж нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна гадаадад гаргаж буй үржлийн бус мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг хянах нөхцөл бүрдэх ба улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 135 бодлогын арга хэмжээг тусгасан бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн үнэлгээ хийж танилцуулжээ. 

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны жилийн эцсийн байдлаар 78.7 хувьтай байгаа аж. Үүнийг бодлогын чиглэлээр нь авч үзвэл эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 82.1, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 68.9, нийгмийн бодлого 81.0, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 78.4, засаглалын бодлого 83,0 хувьтай байна.

Түүнчлэн хэрэгжилтийн танилцуулгад, УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээ, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий -5.1, 2021 онд -2.8, 2022 онд -1,4 хувь байхаар баталсан нь төсвийн алдагдлыг жил бүр бууруулах зорилтыг хангаж байна үзжээ. 

Мөн инфляци улсын хэмжээнд 2019 оны жилийн эцэст 5.2 хувьтай гарсан бөгөөд өрхийн бодит орлого сүүлийн 11 улирал дараалан инфляцийг давж бодитойгоор өссөнийг дурджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Үүнд:

- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Нийт 19 байгууллагын 54 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан ирүүлэхээс 47 нь ирүүлсэн байна. Эдгээр байгууллагууд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 3,1 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 2,6 их наяд төгрөгөөр гэрээ байгуулж ажилласан байна.

-  Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

-  “Тогтвортой амжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Дэлхийн банкнаас ОУ-ын хөгжлийн ассиоцацитай хамтран 2002 оноос манай улсад хэрэгжүүлж буй уг  “Тогтвортой амжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд нийт 65,7 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин төслийн гуравдах шатыг 24 сарын дотор хэрэгжүүлж, 12 сая ам.доллар зарцуулна хэмээн төсөвлөжээ.

-  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК –ийн ОХУ-ын "Интер РАО ЕЭС" худалдан авсан цахилгаан эрчим хүчний 2019 оны үлдэгдэл өр төлбөрт 3,2 тэрбум төгрөг, 2020 оны 01 дүгээр улирлын урьдчилгаа төлбөр болох 800 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.

-  “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны ОУ-ын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41.0 сая ам.долларын хөөнгөлөлттэй зээл олгоно. ДЦС-3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төөлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд  татах ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

-  Жендэрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн, Удирдлагын академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захиралыг тус тус гишүүнээр нэмж оруулахаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Шинэ коронавирусний тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх  багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна.

Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч Монгол Улсын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.

Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно. Сайн дурын даатгуулагчийг хамруулна. Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна.  Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох