Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Занданшатар: Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хөгжих боломж өргөн байна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр (2019.06.20) “Инновац ба хөрөнгө оруулалт” сэдэвт форумыг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судлагааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким нарыг Лхагва гарагт (2019.06.19) Шинжлэх ухааны технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цолоор шагнав.
 
Тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгох үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Т.Намнан, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор Д.Бадарч болон зочин профессорууд, эрдэмтэн судлаачид, багш ажилтнууд оролцлоо.
 
 
Мөн энэ үеэр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши “Оюуны алдагдлаас оюуныг холбож, эргэлтэд оруулах нь: Буурай хөгжилтэй орнуудын их, дээд боловсролын асуудал” сэдвээр, Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким “Сайн сайхан нийгмийн төлөө технологийн боломжууд” сэдвээр тус тус лекц уншсан юм.
 
 
Тэд лекцдээ Монгол Улс технологи болон боловсролын салбартаа томоохон өөрчлөлтийг хийх цаг нь болсныг дурдаад технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал олон салбарт хурдацтай амжилт гаргах боломжтойг тэмдэглэсэн. Тодруулбал, Уганда улс зөвхөн гар утасны мессежний тусламжтайгаар эхийн эндэгдлийг бууруулж чаджээ. Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг нь гар утасны мессежээр илгээдэг болсноор тус улсад гарах эхийн эндэгдэл огцом буурсан байна. Технологийн хөгжил хүний наслалтад ч нөлөөлж, урт наслах боломжийг өгч байна. Мэдлэгийг мэдээллээс ялгаж, технологийн хөгжлийг ашиглаж бусдад мэдлэгийг түгээх нь олон салбарт чухал үр дүн авчирдаг. Гэхдээ технологийн хөгжлийг ёс зүйтэйгээр ашиглах нь чухал гэдгийг доктор Жеон Хун Ким лекцдээ онцолсон.
 
 
Дэлхий дахинтай мөр зэрэгцэн хөгжихөд оюунлаг иргэдийг олноор бэлтгэж, гадны томоохон их дээд сургуулиудад сургах хэрэгтэй. Сургаж бэлтгэсэн боловсон хүчнээ эргүүлэн эх орондоо авчирч ажиллуулахад төрийн бодлого шаардлагатай. Улс дамнасан нийгмийн сүлжээг бий болгож, гадаадад байгаа монгол хүмүүсийг авьяас чадварыг ашиглах тогтолцоог бүрдүүлж чадвал улсын хөгжил хурдацтай байна. Олон улсад мэргэжлийн өрсөлдөх ур чадвараараа Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгддэг. Оюуны алдагдал буюу оюунлаг хүмүүсээ гадагш алдахаас бүү ай. Харин тэднийгээ яаж зөв ашиглах тал дээр анхаарч, өөрийн орны их дээд сургуулийн чадамжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон улстай харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагаа өргөжинө. Харилцан туршлага солилцож, боловсролын салбараар дамжуулан улсын хөгжилдөө томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдгийг доктор Жи Вуук Ши хэлсэн юм.
 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон зарим их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажилласнаа онцлоод “Ирээдүйн хөгжил тийрэлтэт өсөлттэй байна. Одоогийн шугаман тогтвортой хөгжил биш болж байна. Хөгжлийн өсөлтийг тааварлахад технологийн хөгжил бидэнд том боломжуудыг өгч байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд бэлтгэн гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан” (The Global Human Capital report)-д оюуны чадавхаараа (доктор Шиний судалгааны нэр томъёогоор бол онцгой чадамжтай хүний нөөцөөрөө) Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111-д оржээ. Энэ үзүүлэлт бол монгол хүмүүс оюуны өндөр потенциалтай бөгөөд түүнийгээ цааш нь хөгжүүлж, хэрэглэх асуудал дээрээ доголдож, улмаар мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хоцрогдож явааг харуулж байна.
 
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ цаг үед бид зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөхөөс гадна инновацын эко-систем гэх ойлголтыг онцгойлон анхаарах шаардлагатай байна.  Инновацын эко-систем бол хоёр өөр “эдийн засаг”-аас бүрддэг. Нэг талаас, суурь болон хавсарга судалгаагаар дэмжигдсэн судалгааны эдийн засаг, нөгөө талаас зах зээл, үйлдвэрлэлээр тодорхойлогдох арилжааны эдийн засаг юм. Энэ хоёр эдийн засаг нь эхнээсээ харьцангуй сул харилцан хамааралтай оршин байсан тул “инновацын хөгжил” манайд эрчимтэй явагдахгүй байгаагийн нэг илрэл. Бодит байдалд бид дүгнэлт хийж, залуус, эрдэмтдийнхээ оюуны потенциалыг хөгжүүлэх, улмаар тэдний бүтээсэн инновацыг дэмжих  бодлогыг төрөөс онцгой анхаарах шаардлага тулгарч байгааг мэдэрч, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. Иймд ойрын хугацаанд энэ салбарын бодлогын зохицуулалт болон эрх зүйн орчин сайжирна гэж итгэж байна.” гэв.
 
 
Кисве Мобайл ХХК-ийн захирал, Белл Лабс-ийн хүндэт ерөнхийлөгч, Юри системийг үндэслэгч, тэргүүн захирал, доктор Жеон Хун Ким: Дэлхийд нэртэй инженер манлайлагч бөгөөд холбоо мэдээллийн технологи, компьютерийн дизайн, хиймэл дагуулын системийн дизайн, инновацын салбарт дорвитой хувь нэмэр оруулсан Америкийн 10 нөлөө бүхий Ази гаралтай эрдэмтний нэг юм. Технологи, инновацын салбарт тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байсных нь хувьд түүнийг үндэсний аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж АНУ-ын Технологи, Инновацын Үндэсний Медалиар шагнаж байжээ.
 
АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон улс судлалын Фримэн Спогли институтын ахлах судлаач, Волтер Шоренштейний нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвийн захирал, доктор Жи Вуук Ши: Ази-Номхон далайн бүсийн онцгой чадамжтай хүний нөөцийн урсгалын үр шим, боломжийг судлах судалгааг явуулж,  гадаадын болон уугуул иргэдийн ур чадварыг илэрхийлэх “Оюуны хүч” буюу "brain power"-ын нийлүүлэлтийг сайжруулж, харилцан өрсөлдөөнийг өрнүүлж байгаа тус бүсийн орнууд, хотууд тэдний хамтын ажиллагааг судлан ажилладаг. Тэрбээр, Ази-Номхон далайн бүсэд хот, их, дээд сургууль, тэдний хамтын ажиллагааны орчинд үндэстэн хоорондын хүмүүн болон нийгмийн капиталын үр шимийг хүртэх, үндэсний хил хязгаарт онцгой чадамжийн урсгалыг судлах төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төслөөрөө үндэстэн хооронд шилжиж байгаа оюуны хүчний асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой ажиллаж байна.
 
 
 
Энэ онд ШУТИС-ийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн түүхт ойд зориулан гаргаж буй бүтээлийн дээжсээс болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш эрдэмтдийн бүтээсэн нано технологиор боловсруулан хийсэн төрийн далбааг гардуулан өгөв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр "Цэргийн наадам-2020"-д оролцохгүй

Огноо:

,

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын “Цэргийн наадам”-ыг зохион байгуулах талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?

-Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Оросын Холбооны Улс бусад зохион байгуулагч улстай хамтран 2020 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Цэргийн наадам”-ын цэргийн мэргэжлийн цогцолбор уралдаан, тэмцээнүүдийг дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

-Монгол Улсын хувьд ямар үүрэг, оролцоотой байгаа вэ?

-“Цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг зарим төрлийн цогцолбор уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн амжилттай оролцож ирсэн. Түүнчлэн 2019 онд анх удаа олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулан уралдаанд оролцогч орноос зохион байгуулагч орон болж оролцоогоо нэмэгдүүлсэн.

-УОК-оос “Цэргийн наадам”-ыг зохион байгуулахтай холбоотой ямар санал, зөвлөмжийг ирүүлсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин “Цэргийн наадам-2020”-ын хүрээнд явагдах олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг бие даан, “Цэргийн ралли” уралдааныг Оросын Холбооны Улстай хамтран өөрийн оронд болон тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Шри Ланк улсуудад зохион байгуулагдах “Танкийн биатлон”, "Инженерийн томъёолол", “Цэлмэг тэнгэр”, “Зэвсгийн мастер”, “Артиллерийн галын мастер”, “Хурдач радист”, “Мэргэн буудагчийн зааг” “Хээрийн гал тогоо” зэрэг уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийг бэлтгэн оролцуулахаар тус тус төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гаргасан УОК-ын шийдвэрийг үндэслэн дээрх уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал намжвал бид 2021 онд “Цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах эдгээр уралдаан, тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мэдэгдэл

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Дэлгэрэнгүй унших

Санал болгох