Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

Огноо:

,

Хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино.
Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгалаа.Үүнд:
1) Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан.

2) Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов.

3) Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болголоо.
Боловсролын сургалтын байгууллага үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн болон хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, сургуулийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгасан.
Мөн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хийх зохицуулалтыг оруулсан болно.

4) Хүүхдийн цахим орчин дахь зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна.
Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх бөгөөд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.

5) Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглосон.
6) Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглосон.
7) Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг баталгаажуулж өгсөн.
8) Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авахыг хуульчилсан болно.
9)

Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:
1) Хүүхэд хамгааллын асуудлаарх төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг тодорхой болж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
2) Хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд шаардагдах төсвийг тусгаснаар хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
3) Хүүхэд хамгааллын кейс менежментийн алхмыг тодорхойлж, мэргэжлийн удирдлагын чиг үүргийг хуульчилснаар хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна.
4) Магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн төрийн бус байгууллагаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдэд хүргэх, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилт анхан болон дунд шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
5) Салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилж өгснөөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага, хариуцлага нэмэгдэж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч бүр ажилтныхаа хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд бүрд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах асуудлаар талууд санал солилцов.

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүнд УИХ, Засгийн газар шинээр бүрдсэнд Ерөнхий сайдад баяр хүргээд хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойн хүрээнд хөрш хоёр орны хөгжлийг урагшлуулах, харилцан ашигтай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Засгийн газрын бүтэц, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулав.

Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11 байхаар баталсан. Хуульд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны Сонгуулийн хороог байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна 7 хүний бүрэлдэхүүнтэй байх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийлээ. Нийслэлийн сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид орж ажиллана.

Тиймээс Нийслэлийн сонгуулийн хороог Нийслэлийн ЗДТГ-ын дарга ахалж, Нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид орж ажиллах юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ хамтран ажиллана

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч  Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэн явдалд Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон түүний хамт олонд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын хувьд цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр манай улсад хавдрын шинэ тохиолдлууд жилээс жилд тууштай буурахгүй байгааг онцолж, шинээр бүртгэгдсэн хавдрын тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатанд оношлогдож байгаагаас гадна хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цаашид эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах замаар аль болох олон тохиолдлыг бага зардлаар эрт илрүүлж, эмчилгээнд хамруулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ оны 10 дугаар сараас эхлэн товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2,6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай тэмдэглээд, уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үлдсэн 1,6 сая ам.долларыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа туйлын чухал болохыг онцлов.

Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын хүндэт албанд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Сайд Т.Мөнхсайханы онцлон дурдсан эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох