Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр:

-Би Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ. Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, эрх зүйн хүрээнд шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллалаа. Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. Мөн анх удаа Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгууллаа. Тооцоо, судалгаатай байж хотын тулгамдсан асуудлыг урт болон дунд хугацаанд шийднэ. Энэ байгууллага дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Ажлаа авснаас хойш коронавирус, жагсаал цуглаан, үерийн нөхцөл байдал гээд олон амаргүй үетэй нүүр тулсан. Эдгээрийг УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж даван тууллаа. Хот бол нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, нэг хүний удирдлагаар явдаг зүйл биш. Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй. Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд хотын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй гарааш, хашаа хайсыг чөлөөлж, ногоон байгууламжаа нэмж, явган замаа өргөжүүлэн, стандарттай болголоо.

Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. Мөн хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж, хотын ажлыг эрчимтэй явуулах үүднээс ажлаа өгч, дараагийн Хотын даргыг томилохыг хүслээ.

Намайг дэмжиж, үргэлж хурцалж, шударга шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй. Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох