Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн үнэт цаас гаргах ажилд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ хүрээнд НЗДТГ, "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК болон "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иуд хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК болон "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Р.Отгонбат нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд ногоон хөгжил, ногоон бонд, шинэ техник, технологийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хог хаягдал, лагийг дахин хуримтлуулахгүй байх зорилгоор лаг боловсруулах тооцоо, судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлнэ. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах зорилгоор хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдэд ногоон хөгжлийн сангуудаас хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг олон зорилтыг тусгажээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор боллоо

Огноо:

,

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа. 

Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.  

Тиймээс 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтов. 

Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох