Урлаг спорт
Налайх дүүргийн сурагчид спорт өдөрлөгт идэвхтэй оролцлоо
МҮОХ-ноос олон улсын түвшинд анхаарал хандуулж буй сэдэв болох өсвөрийн хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, спортод татан оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бадминтоны спорт өдөрлөгийг С.Ганбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119-р сургуульд зохион байгууллаа.
Налайх дүүрэгт байрлах тус сургууль нь 2013 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2800 сурагч, 112 багш, 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд болсон энэхүү спорт өдөрлөгт 4-5-р ангийн 30 сурагч хамрагдаж олимпын төрлийн спорт болох бадминтоны спортын үндсэн техникийг насны онцлогт тохирсон хөгжөөнт тоглоомын аргаар зааж сургав.
Алслагдсан дүүрэг, сургуулийн сурагчдыг идэвхтэй амьдралын хэв маягт суралцах, спортоор тогтмол хичээллэхийг уриалж тус сургалтад хамрагдсан сурагчдад бадминтоны цохиур бэлэглэсэн юм.
“Сингапур 2010” залуучуудын анхдугаар олимпын наадмын чөлөөт бөхийн аварга Б.Батцэцэг /60кг/, “Наньжин 2014” залуучуудын II олимпын наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн /46кг/ нарын дасгалжуулагч, Налайх дүүргийн “Лиллехаммер” Олимпын зөвлөлийн дарга Д.Мөнхбаяр үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Улстөр нийгэм2023/06/15
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
-
Цаг үе2023/09/14
Түвшин тогтоох төгсгөлийн шатны үзлэг энэ сарын 25-наас эхэлнэ
-
Цаг үе2020/05/07
БНСУ-д зай барих дэглэмийг сулруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүл...
-
Цаг үе2025/04/11
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт га...
