Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 03-наас
2023 оны 05 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
