Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт боллоо

Огноо:

,

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээ энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, багийн эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны мэргэжилтнүүдэд зориулан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилттэй зохион байгуулсан уг сургалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү нарын албаныхан оролцож, сүрьеэ өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, өвчнийг эрт үед нь илрүүлэх тандан судалгааг чанартай хийх, өвчилсөн тохиолдолд эмчилж эдгэрүүлэх нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалах замаар улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлж буй хэрэг гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг хүслээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархсан "Ковид-19" халдварт цар тахлын улмаас сүрьеэгийн тандан судалгааны хүч суларч илрүүлэг 2012 оны түвшинд хүрч буурсныг анхаарахгүй орхиж болохгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааруулаад дархлаажуулалтыг цаг тухайд нь чанартай хийх нь халдварт өвчнөөс сэргийлэх сайн арга гэдгийг ард иргэдэд ялангуяа зорилтот бүлгийн хүмүүст сурталчлан таниулах ажлыг сайн хийх ёстойг хэлсэн.

Сургалтад оролцогчдод зориулан Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Гүйцэтгэлийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Стратеги, удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт, цаашид анхаарах асуудал”, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэ удаагийн сургалтаар Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны эрдэмтэн судлаачид сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг анхан шатны түвшинд сайжруулах, сорьц тээвэрлэлтийн чанар, үр дүн эерэг илрүүлэлтийг сайжруулахад анхаарах асуудал, уул уурхайн болон эрүүл мэндийн цогц үзлэгийн үр дүн, цаашид анхаарах асуудал, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн хамтарсан үнэлгээний үр дүн, цаашид анхаарах асуудал, сүрьеэтэй өвчтөнтэй харьцахуй, иргэдэд өгөх мэдээллийн зарчим, сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам заавар шинэчлэх Сумын эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээний АШМ-ыг хөтлөхөд анхаарах асуудал, сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан байдал, үр дүнгийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч Өвөрхангай аймгийн сүрьеэгийн өнөөгийн байдалтай танилцсан.

Сумын эмч нарын хувьд өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж халдварт өвчнөөс тэр дундаа сүрьеэгээс сэргийлэх мэдээллийг иргэдэд хүргэх арга замын талаар саналаа солилцож эмчилгээний шинэ арга зүй, эмийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч, мэдээллээ солилцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ

Огноо:

,

Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.

Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.

Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.

Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.

Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.

Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.

Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.

Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.

Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.

2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.

Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох