Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Огноо:

,

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тавив. Тэрбээр илтгэлдээ, сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байгааг онцлоод, дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг сайн жишиг хэдийнээ тогтоод байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь улс орны бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанар сайжруулан, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдүүлдэг тухай судалгаа байгаа нь нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чухал хөшүүрэг гэж үздэг юм. Улмаар эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр, манай улс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбоотой ангиллыг эрх зүйн хүрээнд албан ёсоор тодорхойлж төрийн бодлогоор дэмжих талаар нарийвчилсан эрх зүйн зохицуулалтгүй явсаар иржээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэлээ. Түүний дурдсанаар, 2021 оны байдлаар манай улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илтгэлдээ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаснаар нийгмийн харилцааны бүхий л салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн суурь болдог гэж үздэг. Энэ хуулийн төслийг боловсруулах болсон хууль зүйн үндэслэл нь, Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 11 дүгээр зүйлийн, Эрэгтэй эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдэд нийгмийн амьдралын бүх хүрээнд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах, тэгш боломжоор хангагдах боломж бүрдүүлэх зорилтууд хангагдана. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн хуулийн ач холбогдол нь хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болж, түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжинэ. Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар санхүүгийн хөшүүргүүд зорилтот бүлэгтээ хүрнэ. Олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг болно. Жендерийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжинэ. Ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон, хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн 35 орон эмэгтэй бизнес эрхлэгч хэн бэ гэдгийг тодорхойлсон хуультай байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнээ 16.1 хувиар өсгөх боломжтой байдаг үзүүлэлт гарсан байна. Тиймээс эмэгтэй гишүүд бидний санаачлан боловсруулсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эд эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье гэлээ.

Эдгээр хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нарын санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 28-ны хуралдаанаараа хэлэлцсэн талаар мэдээлээд, хуулийн төсөлд, аж ахуй эрхлэгч эмэгтэй, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдээс бүрдсэн хуулийн этгээдийн нэр томьёо, тодорхойлолтыг тухайлан хуульчилснаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ийн зөвлөмжийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах болон улмаар хуулийн этгээдийн ил тод байдал хангагдаж олон улсын байгууллагаас санхүүжилт авах боломж бий болох юм. Хуулийн төсөлд тусгасан дэмжлэг гэдэг нь аль нэг хүйсийн аж ахуй эрхлэгчийг онцгойлон дэмжиж байгаа харилцаа биш. Гагцхүү хэрэгжүүлж байгаа бодлогын 40-өөс доошгүй хувийг аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх, доод шалгуурыг тогтоох, орон нутгийн түвшинд аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх тохиолдолд эмэгтэй аж ахуй эрхлэгчийг хамруулах талаар тухайлан зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нийгмийн нэг бүлгийг төлөөлж эдийн засаг бизнесийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг төр хувийн хэвшлээс дэмжих эрх зүйн орчин бүрдэх бөгөөд улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ гэв.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Нийгмийн бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын www.d.parliament.mn парламент цахим хуудаст байршуулан санал авч байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдаад, тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед 2020 оноос хойш буюу Ковид-19 цар тахлын халдварын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр, Сангийн яам, Азийн хөгжлийн банк зэрэг бусад эх үүсвэрээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамрагдсан хувь хэмжээ, хамрагдаж чадаагүй шалтгаан нөхцөлийн талаар асууж, мэдээлэл авсан тухайгаа танилцуулав. Мөн Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай нийцэж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн нэр томьёо, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд гэсэн ойлголтод албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд хамрагдах эсэх талаар, мөн аж ахуй эрхэлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төрөөс дэмжих дэмжлэгийг оновчтой тодорхойлсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төсөлд тусгагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг тэргүүн ээлжид хамруулах талаар судалгаа тооцоолол хийсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төсөл батлагдсанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад хөгжлийн сангуудаас аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд тэргүүн ээлжид хөнгөлөлттэй зээл авах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хуулийн төсөлд малчин эмэгтэйчүүд болон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах талаар асуулт асууж хариулт авсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжсэн тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тохиож буй “Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Монголын нийт эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүд болон нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хүний хөгжлийг хэмждэг гол үзүүлэлтүүдийн нэг нь хүн амын дундаж наслалт юм. Тэртээ 1950 оноос хойш монгол хүний дундаж наслалт бараг хоёр дахин өслөө. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 71 хүрсэн байна. Энэ бол нийгмийн хөгжлийн үр дүн, манай эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэе. Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад ч манай эмч, эмнэлгийн ажилтнууд нөр их хөдөлмөр, өндөр үүрэг гүйцэтгэснийг бид мартаагүй байна. Тийм учраас Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нартаа болон түмэн олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.

Нийгмийн бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллы яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтанхундага, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, хуульч Х.Баасанжаргал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Лакшми, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул, мөн зөвлөлийн гишүүн, “Траст трэйд” ХХК-ийн захирал Р.Сансармаа, мөн зөвлөлийн зөвлөх Л.Болормаа нар хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд Монголын ТОП100 аж ахуйн нэгжийн захирлууд дотор болон банкны салбарын нийт зээлдэгчдийн дотор эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь, мөн улсын төсөв болон олон улсын байгууллагын эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр, төсөлд хамрагдаж буй эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл, бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх болон зээл, санхүүгийн ажилд хэрхэн үлгэр жишээ, сайн ханддаг талаарх жишээ баримт зэргийг тодруулж, хуулийн төслийг эмэгтэйчүүдийн зөвхөн аж ахуй эрхэлдэг хэсэгт чиглүүлэх бус нийт эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжихэд чиглүүлэх тухай, дийлэнх нь албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгааг хэрхэн албан сектор руу шилжүүлэх тухай, тэдний хэзээ ч үнэлэгддэггүй гэр ахуйн ажил хөдөлмөр, хүүхэд төрүүлснийхээ төлөө цалин орлогогүй болж хохирдгийг хэрхэн зохицуулах тухай, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүтэц бий болгох эсэх, мөн хуулийн төсөлд тусгасан дэмжлэг, санхүүгийн дэмжлэг зэрэг томъёоллыг ямар агуулгаар ойлгох, хилийн заставт залуу нас, амьдралаа зориулж буй эмэгтэйчүүдийг дэмжих боломж энэ хуулиар бий болох эсэх зэрэг олон асуулт, асуудлыг хөндөж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт зөвлөмж өгч, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн 27 нь буюу 27 хувь нь эмэгтэй захиралтай, нийт аж ахуйн нэгжийн 28.9 хувь нь өмчийн эзэмшлээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамаарч байгаа бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 31.2 хувь нь эмэгтэйчүүдийн эзэмшилтэй байна. Аж ахуйн нэгжийн тооллогын дүнгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна. Түүнчлэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 53.3 хувь нь эмэгтэйчүүд, үүний дотор өрх толгойлсон эхчүүд байгааг хувиараа эрхлэх аж ахуй, бичил бизнес эрхлэгчид гэж үзэн, хуулийн үйлчлэлд хамруулах асуудалд анхаарах ёстой. Олон улсын стандартаар “бизнес эрхлэгч эмэгтэй” гэж тодорхойлсон хэсгийн дээр нийт ажиллагсдын 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэмж тооцон, хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлж ажиллах нь зүйтэй.  Энэ хууль батлагдсанаар ялгаварлан гадуурхалт буюу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал үүсэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүд асууж, ярьж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас Жендерийн ялгаатай байдлын индексийг дөрвөн үзүүлэлтээр дэлхийн 150 улсыг жагсаан гаргадгийн дотор манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо боломжийн талаарх үзүүлэлтээрээ 2022 онд гурван байр ухарсан байна. Монгол Улсад тулгарч байгаа энэ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн орчин дахь жендерийн тэгш бус байдлын асуудал бол нийгэмд бодитой оршин байгаа зүйл. Үүний дотор хамгийн тулгамдаж байгаа асуудал бол санхүүжилт. Өмч хөрөнгөө өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгүүлдэг хандлага манай улсад түгээмэл байдгаас аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үндэслэлээр зээл, санхүүжилт авч чадахгүй байгаа. Энэ нь цаанаа өмчийн харилцаатай холбоотой. Дараагийн чухал асуудал бол, хөдөлмөрийн үнэлгээ. Ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин орлогын хэмжээ ялгаатай байна. Тэгэхээр Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт буюу аль нэг хүйсийн давуу байдал олгосон гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Тийм учраас Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл эмэгтэйчүүдийг илүүд үзэх, харж үзэх гэж байгаа зүйл юм биш. Харин байгалийн онцлог, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл сорилтуудыг даван туулахад нь тус болохуйц ийм хуульчилж, тодорхойлолтыг бий болгож, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах нь дэлхий нийтийн хандлага болсон байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрсөн. Энэ чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Иймд тогтолцоо бий болгохдоо жендерийн харилцан адилгүй нөхцөлөөс үүссэн тэгш бус байдлыг арилгахад хуулийн үзэл санаа, зорилго чиглэх ёстой гэлээ.

Байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 67.5 хувь дэмжлээ. Ингээд Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 2025  оны II ээлжийн  цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.

Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт  “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй  хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.

Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ. 

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.

  1. Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
  2. Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
  3. Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
  4. Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
  5. Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
  6. Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
  7. Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
  8. Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
  9. Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч  холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ8 цаг 8 минут

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Цаг үе8 цаг 11 минут

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Улстөр нийгэм8 цаг 13 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Цаг үе8 цаг 17 минут

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Цаг үе8 цаг 20 минут

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм8 цаг 31 минут

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Шударга мэдээ8 цаг 33 минут

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Цаг үе8 цаг 36 минут

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улстөр нийгэм8 цаг 48 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Цаг үе8 цаг 53 минут

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Санал болгох