Цаг үе
Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг.
Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Иймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.
Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Цаг үе
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.
Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.
Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.
Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.
Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.
Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.
Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.
Токиод суугаа Элчин сайдын яам,Embassy of Mongolia in Tokyo:
Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047
Утас: 81 (3) 3469-2088
81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)
81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)
Факс: 81 (3) 3469 2216
Цахим шуудан:tokyo@mfa.gov.mn
Шуурхай утас: +81 9033191397
Осакад суугаа Ерөнхий консулын газар,Consulate-General of Mongolia in Osaka:
Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG
1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059
Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574
Цахим шуудан:osaka@mfa.gov.mn
Шуурхай утас: +81 649632572
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны есдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Ховдын өмнөд сумдын нутгаар 0.0-0.7 мм бага зэргийн бороо. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 11-нээс
2026 оны есдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
Цаг үе
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж байна. Энэ нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай. Мөн механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай уялдсан байна. Өөрөөр хэлбэл, EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглах оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог. Оёдолгүй зэс хоолой нь гагнаж нийлүүлсэн уртын оёдолгүй тул хоолойн бүтцийн жигд байдал сайн, даралт болон механик ачааллыг найдвартай даадаг. Мөн хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байхгүйгээс гадна зэврэлт, өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтайг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл онцоллоо.



ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ
Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Станцын эхний туршилт тохируулгыг энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төв орчмын 5000 өрхийг дулаанаар хангах юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна гэдгийг Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд онцоллоо.


СЭЛБЭ ХОТОД 3 СУРГУУЛЬ, 5 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА
Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж баригдана. Мөн 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөжээ. Төслийн нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна. Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.



“СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ТӨСЛИЙН ТАЛААР ИРГЭДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД ӨГӨХ ХАРИУЛТ
Сэлбэ хот төслийг “Хорин минутын хот” гэж тодотгох ач холбогдол нь юу вэ?
- Төсөл нь 158 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугч иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт, соёл, нийгмийн үйлчилгээг 20 минутын хугацаанд Сэлбэ хотоосоо авах инженерийн төлөвлөлтийг бүрдүүлж байна.
Хэдэн га газар чөлөөлсөн бэ?
- Төслийн нийт 2206 нэгж талбарыг чөлөөлж, 158 га талбайн 88 га талбайд хөрсний энгийн бохирдлыг ариутгасан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар тухайн орчны 15,600 яндан устаж, 12,000 нүхэн жорлонг буулган ариутгал хийсэн байна.
Иргэд хэзээнээс байрандаа орох вэ?
- Төслийн хүрээнд 45,000 гаруй иргэнийг орон сууцжуулна. Оршин суугчдыг 2027 оны 2 дугаар улирлаас эхлэн хүлээн авна. Харин худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг нь 2028 оны 4 дүгээр улирлаас эхлэн үе шаттайгаар ашиглалтад орно.
Төслийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ?
- Орон сууцны дээвэр дээр нарны панел суурилуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн зориулалттай цахилгаан хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэнэ.



-
Улстөр нийгэм2025/08/29
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
-
Улстөр нийгэм2019/08/29
Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн уран нислэгийн үзүүлэх ...
-
Цаг үе2023/01/30
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
-
Цаг үе2025/06/26
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
