Шударга мэдээ
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.
Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.
Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.





Шударга мэдээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа.
Хуулийн төсөлд:
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно.
УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.



Шударга мэдээ
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай “Месес” компани нь жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад импортыг орлосон, дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна. Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг том бүтээн байгуулалтын ажлууд хийхтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа барилгын компаниудад арматураа тус үйлдвэрээс авах чиглэл өгснөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдтэй танилцана” гэв.

“Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бид дөрөвдүгээр сарын 10-аас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа бөгөөд цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийлгэж байна” гэлээ.
Тус үйлдвэр нь нийт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн дэвшилтэт технологийн металлургийн тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих процессын аргаар олон улс болон Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын чанарын шаардлагыг бүрэн хангасан ган туйван үйлдвэрлэдэг.






НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана
Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.
-
Цаг үе2024/09/23
Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль эхэллээ
-
Шударга мэдээ2022/11/22
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ
-
Цаг үе2021/09/09
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Шударга мэдээ2020/04/23
Аж ахуйн нэгж байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна
