Цаг үе
Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд!
Сингапур Улс коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын ногоон түвшинд шилжсэнтэй холбогдуулан 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины гэрчилгээ болон коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээний хариу шаардахгүй боллоо. Зорчигчид зөвхөн тус улсад ирэхээс 72 цагийн дотор доорх холбоосоор нэвтэрч “SG Arrival Card” мэдүүлгийг бөглөн хэвлэж биедээ авч явах шаардлагатай юм.
Мэдүүлэг бөглөх холбоос:
https://www.ica.gov.sg/enter-transit-depart/entering-singapore/sg-arrival-card
Сингапур Улсад руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх, аяллын хоёр талын нислэгийн тийзийг баталгаажуулан худалдан авсан байх.
- Тус улс руу нэвтрэх зөвшөөрлийг хилийн шалган нэвтрүүлэх цэгт Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны байцаагч олгодог тул аяллын хөтөлбөр, зочид буудлын баталгаажсан захиалга зэрэг бусад шаардлагатай баримт бичгүүдийг биедээ авч явах.
- Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх. Визний хугацааг 90 хүртэлх хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 4,000 хүртэлх сингапур доллараар торгох эсвэл 6 сарын хугацаатай хорих шийтгэл оногдуулдаг болно.
- Хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүн тухайлбал, бохь, зажилдаг тамхи, хамрын тамхи, усан тамхи, цахилгаан тамхи, никотин болон тамхины ургамал агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүн, галт зэвсэг, хутга, бууны хэлбэртэй тамхины асаагуур, чүдэнз, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий ном, сонин, сэтгүүл, видео бичлэг, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан ном, сэтгүүл, бичлэг, эмчийн жоргүй эм, бэлдмэл, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, үслэг эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх.
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг Сингапур Улс руу нэвтрүүлэхийг завдах, тээвэрлэх, худалдаалах, ашиглахыг тус улсад хатуу хориглодог бөгөөд дээрх гэмт хэрэгт цаазын ял оноодог болно. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах.
Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос авах боломжтой:
https://www.ica.gov.sg/enter-transit-depart/entering-singapore/what-you-can-bring
- Сингапур Улсын хилээр орох, гарахдаа 20 мянгаас дээш хэмжээний сингапур доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт /Physical Currency and Bearer Nogotiable Instruments Report, Form NP 727/ заавал мэдүүлж, мөнгөний эх үүсвэрийг тайлбарласан тайлан, нотлох баримтыг хавсаргана. Хэрэв мэдүүлээгүй тохиолдолд тухайн бэлэн мөнгийг хурааж авах зохицуулалттай болно.
Бэлнээр авч яваа 20 мянгаас дээш хэмжээний сингапур доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний валютын эх үүсвэрийг худал мэдүүлсэн тохиолдолд 50,000 сингапур доллараар торгох эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна.
Хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгө болон Physical Currency and Bearer Negotiable Instruments Report, Form NP 727 маягтын талаар дараах холбоосноос дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
https://www.ica.gov.sg/enter-transit-depart/at-our-checkpoints/for-travellers/CBNI
- Сингапур Улсын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй гадаадын иргэд /оюутнууд мөн адил/ ямар ч тохиолдолд тус улсад хөдөлмөр эрхлэх /цагийн ажил мөн адил хамаарна/ эрхгүй бөгөөд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 20,000 хүртэлх сингапур доллараар торгох эсвэл 2 жил хүртэлх хугацаатай хорих ялаар шийтгэдэг болно.
- Сингапур Улсын их, дээд сургуульд суралцаж буй гадаадын оюутнуудын хичээлийн ирцийн мэдээллийг Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх алба сар бүр шалгадаг бөгөөд ирц хангалтгүй гадаадын оюутнуудын виз, оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй.
- Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэлд юм идэх, уух, зөвшөөрөлгүй газарт тамхи татах, бусдын биед хүрэх, түлхэх, бусдын зургийг зөвшөөрөлгүй авах, эзэнгүй орхисон, гээгдсэн эд зүйлсэд гар хүрэх зэргийг хуулиар хориглодог болно.
Цаг үе
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






