Улстөр нийгэм
Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл”-ийг танилцуулсан, энэ хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийн гурван тулгуур бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн 10 багц хөтөлбөрийн нэг нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих асуудал юм. Үүнд хувийн хэвшилд илүү орон зай бий болгох, хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шударга бус өрсөлдөөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна гэв.
Шинэчлэлийн хоёр дахь тулгуур нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бий болгох, гэрээний хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өргөн баригдаж, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Гурав дахь шинэчлэлийн хувьд бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль эрх зүйн суурь орчныг шинэчлэх цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж болон цаашид авах арга хэмжээ нь Дэлхийн Банкнаас гаргасан тайлан, зөвлөмжтэй уялдаатай болохыг тэмдэглэж, зоримог реформ хийж байгаад баяртай байна гэв. Тэрбээр Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, мөн цаашид авах арга хэмжээний хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих, төрөлжүүлэх, мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. УИХ-ын даргын дурдсан хууль тогтоомжууд батлагдсанаар хувийн хэвшил болоод бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд Дэлхийн Банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлээд зогсохгүй сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгал зэрэг хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Үүнд УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.
Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.
Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.
Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
