Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийн зөрчилд онцгойлон анхаарахыг санууллаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагын АНУ-ын Нью-Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон бусад албаны төлөөллийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Хүний эрхийн олон улсын үйлчилгээ нь Швейцарын Холбооны Улсын Женев, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвлөрч байрладаг, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага нь хүний эрх хамгаалагчдын сүлжээ болон хүний эрхийн олон ялгаатай талбарууд, НҮБ болон бусад оролцогч талуудын дэмжлэгтэйгээр дэлхий нийтийн хэмжээнд хүрч ажиллаж байгаа аж. Энэ удаад Монгол Улсад ирэхдээ эрх хамгаалагчийг хамгаалах асуудалд онцгойлон анхааран ажиллахаар болсноо УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгалаа.
Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиа 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр баталсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга дурдав. Тиймээс Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагыг эрх хамгаалагчийн, тэр дундаа хүүхдийн эрх хамгаалагчийг хамгаалах ажилд тууштай оролцож, туршлага болон техникийн дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллахыг санал болголоо. Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл газар авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох байдал учир дутагдалтай байгааг ч санууллаа. Тиймээс энэ асуудалд ХЭҮК, Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагатай нягт хамтран ажиллаж асуудлыг дор бүр нь шийдэхийг санал болгов. УИХ-д ирж байгаа санал гомдлын тодорхой хувь нь хүүхдийн эрхийн зөрчил байдгаас гадна жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрхийг хамгаалах асуудал ч хөндөгддөг тухай хэлэв.
Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулж буйд талархаж байгаагаа хатагтай Тесс МакЭвой хэллээ. Юун түрүүнд Монгол Улсын иргэдийн хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх, түүнчлэн хүний эрхийн өөрчлөлтийн төлөөх эвслүүдийг манлайлах, тэдгээрт оролцоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ асуудалд монголын төр засаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг ч онцлон хэлэв.
Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллага нь 1984 оноос Хүний эрх хамгаалагчийн тунхаглалыг боловсруулж, НҮБ-аар батлуулах нөлөөллийн аяныг олон талын оролцоотойгоор манлайлан ажилласаар иржээ. Мөн улс орнуудад хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг үндэсний түвшинд баталгаажуулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.
Улстөр нийгэм
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа аж.
Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд анх батлагдаж улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул Ажлын хэсэг хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.
Уг хуулийн төслийг боловсруулахдаа сүүлийн жилүүдэд Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, тэдгээрийн чиг үүргийг хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан заах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн гэж тайлбарлаж байлаа.
Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тухайлбал:
-Улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон;
-Хуулийн үйлчлэлд хамаарах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг;
-Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг;
-Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан зааж, улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлогтой болсон гэж үзэж байна.
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй бөгөөд улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 5 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Тус төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГО, АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баасан гарагийн 14.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энд дарж, эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны нийслэл Астана хотод хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо.
Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.
Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.
Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.
Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог.
Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон.
Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.
Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм.
Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг.
Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.
2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн манай улсад, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон. Казахстаны 575 иргэн манай улсад оршин суух эрхтэй бол тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй юм.
2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон.
2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.
