Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

Огноо:

,

Түүхэн замналт 380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ. Өчигдөр үдэш Соёлын төв өргөөнд болсон Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн эрхэм түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, УДБЭТ, ЦДБЭЧ, нийслэлийн Улаанбаатар чуулга тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагууд, найман оркестр, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын консерваторийн найрал дуу, бүжигчид, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчид зэрэг нийт 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Бид энэхүү тэгш ойгоо нийслэлчүүдтэйгээ хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудаар өрнүүн угтаж байгаагийн дотор олон жилийн турш яригдаж байсан Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг энэ өдрүүдэд нээхээр шамдаж байна. Мөн Богд хааны ордон музейн дэргэд түүхэн ховор үзмэр, нэрт хүмүүсийн хөшөө дурсгал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түрээсний орон сууц, Орлогод нийцсэн орон сууц, Морингийн даваан дахь шинэ суурьшлын бүсийн 10 мянган айлын орон сууц гээд олон талт хэлбэрийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл хот болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд 55000 айлын орон сууцыг барих ажлын эхлэл болгож УИХ-аар 2020 онд хэрэгжүүлэх 10000 айлын “Орлогод нийцсэн сууц” төслийн санхүүжилтийг батлуулсан гэх зэргээр 380 жилийн ойгоо бид олон бэлэгтэй угтаж байгаадаа баяртай байна” хэмээгээд нийслэлчүүддээ ойн баярын мэнд дэвшүүллээ.

Баярын хүндэтгэлийн концертын эхэнд нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд “Хангарди” одон, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, нийслэлийн Засаг даргын Жуух бичиг гардуулсан юм.

Шагнал хүртсэн хүмүүсийн нэг нь нийслэлийнхээ ард иргэдийг цэвэр цэмцгэр, тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө 40 гаруй жил хөдөлмөрлөж яваа Нийслэлийн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст талбайн үйлчлэгч Б.Сэр-Од гуай байлаа. Тэрбээр “Би 1975 онд буюу 16 настайгаасаа л эхлэн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст байна. Миний ажиллаж үзээгүй нийслэлийн дүүрэг, хороо гэж ер нь байхгүй дээ. Гэхдээ би өнөөдөр энэхүү хүндтэй “Хангарди” одонгоор шагнуулна гэж зүүдлээ ч үгүй явлаа” хэмээн нүдэндээ нулистай баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэхээр хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ өдрүүд бол Нийслэлчүүдийн хувьд төдийгүй, нийт Монголчуудын хувьд их баярын өдөр юм. Нийслэл хот маань хөгжлийн шинэ үеэ эхлүүлж, хотын түүхэн шинэчлэлийг мөн түүчээлэн явна. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан өрнүүлж буй хотын удирдлага, нийслэлчүүд та бүхэндээ талархаж байна. Сүүлийн 20-иод жил Улаанбаатарчууд бид утааны асуудлыг ярьсан. Харин энэ жил та бид утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцэж байгаагийн үр дүнд хорт утаа харьцангуй багассан байна. Ирэх жил бид мөн олон ажлыг эхлүүлж хийх болно. Нэн тэргүүнд нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч, залуу хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ өв соёл, үүх түүх, уламжлалаа таниулж, өвлүүлэх чиглэлээр олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

Хүндэтгэлийн концертод УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг ахлах зөвлөх Ж.Сүхбаатар уншиж, хүндэт зочид төлөөлөгчид болон нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ

Огноо:

,

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно

Огноо:

,

АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.

Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.

Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.

Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.

Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.

Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох