Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож тус салбарынханд баяр хүргэлээ.
Эрдэс баялгийн салбарын нийт баялаг бүтээгчид, уурхайчид, хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын түүхт ойн мэндийг Ерөнхий сайд хүргээд өнгөрсөн 100 жилийн хугацаанд Налайх, Шарын гол, Багануур, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд, Эрдэнэт, Бор-Өндөр, Бороо, Оюу толгой зэрэг металлургийн бүтээн байгуулалтуудыг хийж Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн гэдгийг тэмдэглэв.
Мөн “Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцолсон юм. Тухайлбал, төмөр замын экспортын дөрвөн шинэ гарцтай болох том зорилт тавьснаас эхнийх нь ашиглалтад орсон. Монгол Улсын бүх боомтуудыг төмөр бол авто замаар холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх боломж бүрдэж, уул уурхайн салбарын тээвэр логистик сайжирна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтална. Монгол Улс бол уул уурхайн орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид Монгол Улсад Оюу толгой, Эрдэнэттэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгтэй. Тиймээс хайгуулын лицензтэй холбоотой тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага үүсэж байна. Иймд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллана” гэлээ.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортолно

Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.
-
Улстөр нийгэм2022/08/01
Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ б...
-
Цаг үе2023/01/05
Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
-
Үзэл бодол2021/04/29
А.Тлейхан: Засгийн газраас нийтдээ 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уу...
-
Улстөр нийгэм2022/12/14
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана