Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзлаа.

Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв.

Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.  

Уг асуудлыг шийдвэрлэх боломжийг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

УИХ-ын дарга, төлөөлөгчид үргэлжлүүлэн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр дэх газар тариалан эрхлэх “Арвин хур” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус аж ахуйн нэгж нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн талаар танилцуулж байв. Тус компанийн ерөнхий захирал Ч.Чадраабал Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлсэн үрийн буудай нь эрэлт бага байсан. Иймд үрийн чанар, борлуулалтад төрөөс анхаарах, материаллаг баазад түшиглэн үрийн аж ахуйг хөгжүүлэх талаар саналаа хэлж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэж, үүнд эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг  даалгалаа.

Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.

Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө. 

Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,

  • Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх, 
  • Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах, 
  • Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарлаа. 

Бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрүүд, холбогдох төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангаж ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа. 

  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,  
  • Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх,
  • Нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
  • “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг судлан, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох тогтолцоог бүрдүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх,  
  • Стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах,
  • Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан хаагчидтай уулзах үеэр уурхай ашигтай, тогтвортой ажиллагааг хангаж уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулсан. Гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа компанийн удирдлагууд илэрхийлээд байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох