Шударга мэдээ
Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн Сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Гүүд Нэйборс" Олон Улсын ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай 2022 онд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Түр хамгаалах байр болон Нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлүүлэхээр ирсэн насанд хүрэгч болон хүүхдэд сэтгэл зүйн цогц үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Бага нас, өсвөр үе, насанд хүрсэн хохирогчдын сэтгэл түгшилтийг багасгахад чиглэсэн хөтөлбөр, сэтгэл зүйн тест боловсруулахаар сэтгэл зүйчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж санал авлаа гэж ХНХЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал
Шударга мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Шударга мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
-
Үзэл бодол2020/04/16
С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв
-
Үзэл бодол2022/10/12
Хакухо М.Даваажаргал: Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан...
-
Улстөр нийгэм2024/10/07
02 Сонгууль 2024-2028
-
Цаг үе2022/02/17
Орон нутгийн нисэх буудлуудад ажиллах нислэгийн удирдагчдыг дотооддоо бэлтгэж эх...