Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд өнөөдөр тангараг өргөнө

Огноо:

,

Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар болж байна. Та бүхэнд өнөөдөр тангараг өргөх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг танилцуулъя.


Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - Д.Амарбаясгалан

Дашзэгвийн Амарбаясгалан 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд  Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга - УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

Жамъянхорлоогийн Сүхбаатар 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 47 настай. 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд  УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,  2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.


Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга - УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 58 настай. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн  дунд сургууль,  1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй. 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга, 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал, 2004 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,  2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Эдийн засаг, хөгжлийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Чимэдийн Хүрэлбаатар 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 54 настай.1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,  2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Зам, тээврийн хөгжлийн сайд - УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Сандагийн Бямбацогт 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай. 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар  сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг  тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер, 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,  2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд,  2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна гэв.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Жамбалын Ганбаатар 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Даваажанцангийн Сарангэрэл 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, 59 настай. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын  Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар  ажиллаж байсан.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Болорчулуун

Хаянгаагийн Болорчулуун 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 58 настай.  1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй. 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич, 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал, 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд - УИХ-ын гишүүн Н.Учрал

Ням-Осорын Учрал 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.  2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй. 2010-2016 онд Рояаль Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,  2015 онд Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос  Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Баттогтохын Чойжилсүрэн 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай.  1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.


Мөн Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ

Огноо:

,

Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.

Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.

Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.

"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.

Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.

Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.

Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.

Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.

Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа

Огноо:

,

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бага хурал зохион байгуулах талбайн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Гантуяа болон хурлыг зохион байгуулах байр, барилга байгууламжийн дэд хорооны Нарийн бичгийн дарга Б.Баттулга бага хурлын талбайн бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, түүний дотор Цэнхэр бүс (Blue Zone) болон Ногоон бүс (Green Zone)-ийн байгууламж, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Монгол Улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд UNCCD COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах, дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүх нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орны хувьд UNCCD COP17 бага хурлын НБДГ-тай нягт хамтран ажиллаж, хурлын зохион байгуулалт, дэд бүтэц, логистик, аюулгүй байдал болон бусад бүх талын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу эрчимтэй ханган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

    2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
    2011 онд “Иж бүрэн түншлэл”
    2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Шударга мэдээ2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Улстөр нийгэм2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Улстөр нийгэм2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Улстөр нийгэм2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Цаг үе2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Шударга мэдээ2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Цаг үе2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Цаг үе2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Цаг үе2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Санал болгох