Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын наймдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 15. Сугар гараг. Тооно одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь таих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Цаг үе
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Цаг үе
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаг үе
Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээрэмджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна.
Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
